Г.БОЛОРСҮХ: Жижиг хөрөнгө оруулагчдад банканд хөрөнгө оруул гэж зөвлөхгүй.


Г.БОЛОРСҮХ: Жижиг хөрөнгө оруулагчдад банканд хөрөнгө оруул гэж зөвлөхгүй.

Г.БОЛОРСҮХ: Жижиг хөрөнгө оруулагчдад банканд хөрөнгө оруул гэж зөвлөхгүй.

 

Өдрийн мэнд хүргэе. Та банкны салбараас хөрөнгө оруулалтын салбарт шилжин ажиллаж байгаа. Шинэ ажлаа товчхон танилцуулаач?.

Баярлалаа,  Банкны салбарт 15-20 жил ажилласан туршлагатай баг хамт олон Финвеста санхүү хөрөнгө оруулалтын компанийг байгуулаад ажиллаж байна. Финвеста нь Монголд  Crowdfunding буюу хамтын санхүүжилтийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхээр www.finvesta.mn платформоор дамжуулан санхүүжилт шаардлагатай байгаа бизнесүүдийг хөрөнгө оруулагчтай холбох, хөрөнгө оруулагчийн шаардлагын дагуу төслийг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг босгох түүнтэй холбоотой сургалт, зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байна.    

 

Банкууд зээлээ зогсоосон энэ үед маш хэрэгтэй үйлчилгээ юм биш үү ?

инфляцын нөлөөгөөр Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж зах зээл дээрх төгрөгийг татаж эхэлсэн. Мөн ковид-19 цар тахал, гадаад хүчин зүйлсээс зээлийн эргэн төлөлтүүд удааширсан. Хадгаламжийн хүүнээс 2 дахин илүү хүүтэй хөрөнгө оруулалтын олон хувилбар байгаа нь иргэд хадгаламжаа өгөөжтэй хувилбарт хөрвүүлэхэд хүргэж байгаа зэрэг нь банкууд зээлээ хумих гол шалтгаан болж байна.  Мэдээж ухаалаг хөрөнгө оруулагчид 16 хувийн инфляцтай нөхцөлд 9 хувийн хүүтэй хадгаламж сонгох уу?, 18 хувийн хүүтэй эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх үү гэдэг нь тодорхой.

 

Гэтэл банкууд нээлттэй компани болох гэж бэлдэж байгаа. нээлттэй болох нь ямар ач холбогдолтой вэ?

Чөлөөт эдийн засагт шилжин орсноос хойших 10 гаруй банкны дампуурсан гол шалтгаан нь засаглалтай холбоотой байдаг. Монголбанкнаас энэ гажуудлыг засахаар банкны тухай хуульд Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байх, Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа хорин хувиас хэтрэхгүй байх гэсэн  чухал нэмэлт өөрчлөлтийг оруулж 2021 оны 1 сард баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр банкуудын хувьцаа эзэмшигчдийн бүтцийг задалж, илүү хяналттай, илүү хариуцлагатай болгож байгаа хэрэг юм.

 

Тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ жилийн 6 сарын 30-ны өдрийн дотор системд нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох байсан ч активын чанарын үнэлгээг дуусгах шалтгаанаар хугацааг хойшлуулсан нь маргаан дагуулж байна.

Миний хувьд энэ өөрчлөлт, шилжилтийн эхлэл нь банкны салбарт 30 жилийн өмнө хийсэн 2 шатлалт банкны тогтолцоог нэвтрүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний чухал ач холбогдолтой гэж харж байна.Тиймээс олон талын оролцоог хангаж, санал бодлыг нэгтгэж, хэзээ, ямар хэлбэрээр IPO гаргахад амжилттай болох судалгаанууд дээр үндэслэн гаргах хэрэгтэй. Бид яаран хөрөнгийн зах зээлд гаргаад амжилт олохгүй бол буцаад ухрах магадлал өндөр шүү дээ. Бид том банкуудын энэ өөрчлөлтийг бүх талаас нь бодож тунгааж, амжилттай болгох хэрэгтэй. Банкуудын санал болгох хувьцаа ойролцоогоор 600  тэрбум төгрөг ч  Дэлхийн улс төр, эдийн засгийн өөрчлөлт, дотоод эдийн засгийн тоонууд IPO хийх цаг хугацаа биш гэдгийг бид нарт хангалттай сануулж байна.  

 

Тэгэхээр банкуудын IPO гаргах хугацаа хэзээ байвал амжилттай болох боломжтой гэж?

Бид таатай орчин бүрдэхийг хүлээвэл ойрын 2 жилдээ энэ өөрчлөлтийг хийж чадахгүй. Тиймээс шат дараатай хийх талаар зохицуулагч байгууллагууд болон банкууд нэг ойлголцолд хүрэх хэрэгтэй байх. Жишээ нь  Төрийн банкийг хувьчлах талаар бид 10 гаруй жил ярьж байна. Монгол улсын бүх сум сууринд салбар нэгжтэй, төрийн халамж үйлчилгээний суурь бүтэц хөгжсөн энэ банкны IPO-г түрүүлж хийгээд амжилттай загвар болгох хэрэгтэй. Энэ загвараар арилжааны банкуудаас гадна төрийн өмчит 30 гаруй компани ар араасаа хөрөнгийн зах зээл дээр гарах гээд хүлээж байна.  

 

Банкны хувьцаанаас ашиг хүртэх хүсэлтэй хүмүүс олон байх шиг?

Компанийн хувьцаанаас ноогдол ашиг тараах үед эсхүл хувьцааны үнийн өсөлтөөс ашиг хүртдэг. Гэхдээ монголын хувьцаат компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж зөрчдөг тухай бид мэднэ. Тэр эрх зүйн орчин хэвээрээ л байна. Тиймээс мэргэжлийн бус, жижиг хөрөнгө оруулагчдад банканд хөрөнгө оруул гэж зөвлөхгүй. Банканд хөрөнгө оруулна гэдэг бол тоглоом биш мэргэжлийн урт хугацааны хөрөнгө оруулагчид л сонирхох зах зээл.